menu

Бие даан хийх ажил

Бие даан хийх ажил
2-р курсийн оюутнууд сурган хүмүүжүүлэх зүйн хичээлтэй уялдуулан өөрийн зорилгыг тусгасан бага хэмжээний эсээ бичнэ. Багшийн өмнө нь үзэж өгсөн зөвлөгөө, засварыг тусгаж сайжруулсан байна.
Эсээний шалгуур:
  1. Зорилго тодорхой эсэх
  2. Хичээлтэй уялдаатай тодорхойлсон эсэх
  3. Найруулга зүй болон зөв бичгийн дүрмийн алдаагүй байх
  4. Эсээний еранхий бүтэц зохион байгуулалт (эхлэл, үндсэн хэсэг, төгсгөл) зэргийг харгалзана.
Бие даасан сургалт
Сэдэв: Сургалт түний онцлог.
Өгөгдсөн мэдээлэлтэй хэрхэн ажиллах вэ?
·         Материалыг уншина.  2-3 удаа унш. Уншиж байх явцдаа дараах асуултын дагуу эргэцүүлэн бодож унш.
  •  Сургалт гэж юуг хэлдэг байна вэ?
  • Түүний зорилго, үүрэг нь юу вэ?   
·         Дараах дасгал ажлуудыг хийж гүйцэтгэ.
Дасгал 1. Агуулгын дагуу төлөвлөгөө зохио. Төлөвлөгөө зохиохдоо
1.     Асуултаар зохиож болно. Ж-нь: Сургалт гэж юуг хэлэх вэ?
2.      Эсвэл нэрлэсэн байдлаар зохиож болно. Ж-нь: Сургалтын тодорхойлолт
Дасгал 2. Сургалт гэж юу вэ? Өөрийн ойлгосноор бичнэ үү?

Дасгал 3. Дараах товч бичиглэлийг ойлгож өөрийнхөөрөө тайлбарлан бич.
                                                Сургалт
ОРЦ   _________________________________________ ГАРЦ
                        Чанарын хувиргалтын үйл явц


Дасгал 4Сургалтын эцсийн үр дүнг илэрхийлсэн өгүүлбэрийг уг эхээс олж  хуулж бич.
Оюутан бүр дараах асуултад хариулж чаддаг болсон байна. Дэвтэртээ асуултын дагуу бичнэ үү?
1.     Сургалт гэж юу вэ?
2.     Сургалтын утга учир юу вэ?
3.     Сургалт яаж хөгжиж ирсэн байна вэ? схем зохиож системчил.
4.     Сургалтад багш, суралцагчид ямар үүрэгтэй вэ?
5.     Сургалтын үндсэн үүрэг юу вэ?
6.     Сургалтын үе шатыг тодорхойлж бүтцийг гаргана уу?

Бие даан судалсан хичээлээр оюутныг үнэлэх үнэлгээ:
Дараах шалгуураар үнэлнэ.

  1.  Хэрхэн уншиж судалсан талаарх оюутны танилцуулга
  2. Төлөвлөгөө гаргасан байдал
  3.  Асуултад оновчтой хариулсан эсэх
  4.  Өөрийн ойлголт санааг гаргасан байдал (3-р дасгал)

Унших сэдэв: Сургалт
 Сургалт  нь  боловсролын  үйлчилгээ  үзүүлэх,  сурган хүүжүүлэх үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр болно.
Сургалт гэдэг нь зорилго чиглэлтэй, тодорхой үүрэгтэй, утга учир бүхий танин мэдэхүйн үйл ажиллагаа юм. Сургалтыг мэдлэг бүтээлгэх, бүтээх үйл явц гэж үзэх боллоо. Сургалт бол нийгмийн болон сурагчийн эрэлт хэрэгцээг хангах зорилго бүхий үл ажиллагаа.
Сургалтын мөн чанар нь хүн мэдлэгээ бүтээх явцдаа сурахын арга ухаанд суралцах өөрөөр хэлбэл оюуны үйлдэл (харьцуулах, бодох, эргэцүүлэх, сэтгэх, ангилах бүлэглэх гм ) хийх арга барилтай болох, мэдээлэл боловсруулах чадварт суралцах, мөн оюуны хөдөлмөрөө зохион байгуулах арга барил эзэмших үйл ажиллагаа болох талаар эрдэмтэн С.Батхуяг онцлон тэмдэглэсэн байдаг.
Сургалтын үндсэн зорилго нь суралцагчийн сурч танин мэдэх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж  суралцагчийн бие хүний хувьд хөгжин төлөвших үйл явцад эерэг нөпөө үзүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэн, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино.
Сургалт нь багш, суралцагч гэсэн хоёр талын идэвхтэй үйл ажиллагаанаас бүрдэнэ.
Сургалт нь үндсэндээ багш суралцагчид болон суралцагчид хоорондын  үйлийн харилцан үйлчлэл юм.
Сургалт нь суралцагчийн хөгжил, төлөвшилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Сургалтыг хэр зэрэг шинжлэх ухааны үндэстэй, оновчтой зохион байгуулахаас түүний суралцагчдын хөгжил, төлөвшилд үзүүлэх нөлөө үр дүн шууд шалтгаална.
Сургалтын явцад суралцагчийн мэдлэг чадвар хөгжихийн хамтад тэдний бие хүн шинжид чанарын өөрчлөлт гарна. Энэ нь чухамдаа хүмүүншихүй болно. Үүгээрээ сургалт нь сурган хүмүүжүүлэх утга агуулгатай болдог. Энэхүү хүмүүншихүйн чанарт багш, суралцагчийн болон суралцагч хоорондын харилцах хандлага шийдвэрлэх нөлөө үзүүлнэ.
Сургалтын эцсийн үр дүн нь суралцагчдын авсан дүн үнэлгээгээр бус, тэдний хөгжил сурлагадаа хандаж буй хандлага  сурч танин мэдэх арга барилд суралцсан байдлаар тодорхойлогдоно.
Сургалтыг дараах 3 үндсэн үүрэгтэй гэж үзэж болно.
Үүнд:
1.   Боловсруулах үүрэгСургалтын явцад суралцагч нь оюун ухаан, гоо зүй, ёс суртахуун, сурах арга барилын хувьд боловсорч тодорхой хэмжээний мэдлэг, чадвартай болж тодорхой түвшний боловсролтой болно.
2.   Хөгжүүлэх үүрэг. Сургалтын явцад суралцагчийн оюун ухаанаа  гоо сайхан, ёс суртахуун, сурч танин мэдэх арга барил, юм( үзэгдэлд хандах хандлагын хувьд чанарын ахиц өөрчлөлт гарна.
3.   Хүмүүншүүлэхүйн үүрэгСургалтын явцад суралцагчийн юмс үзэгдлийг үнэлэх үнэлэмж, өөртөө болоод бусдад хандах хандлага, ёс суртахууны хэм хэмжээ нь төлөвшиж өөрийн үйл хөдлөлийг зохицуулан жолоодох чадвар нь хөгжинө.
Сургалт нь үндсэндээ суралцагчийн сурч танин мэдэх үйп ажиллагааг зохион байгуулахад чиглэдэг учраас түүнийг танин мэдэхүйн ерөнхий зүй тогтлын дагуу явуулах шаардлагатай. Эс тэгвээс тодорхой хэмжээний зөрчил, эсэргүүцэлтэй тулгарч сургалтын  үр дүн буурдаг.
Сургалтын хэлбэр. Сурахуйн болон  сургахуйн мөн чанарын тухай ойлголт гүнзгийрч, түүнийг зохион байгуулах хэлбэр арга техник  боловсронгуй болсоор ирсэн.
Сургалтын хамгийн  анхны хэлбэр нь Грекийн философии Сократын хэрэглэж  байсан ганцаарчлан харилцан ярилцах арга хэлбэрүүд юм. Энд багш  нь суралцагчийг чиглүүлэх асуултаар хөтөлж юмс үзэгдийн  мөн чанар, үнэнийг олж мэдүүлдэг байсан.
Сургалтын олноор сургадаг хэлбэр дундад зууны үед шашны сургалтанд хэрэглэж ирсэн. Энэ нь догматик шинжтэй сургалт байсан бөгөөд нэг багшийн удирдлагаар олон суралцагч шашны ном (сургаал)-ыг сонсож , уншиж, цээжлэн тогтоодог байсан.
Дараа нь байгалийн үзэгдэл, юмсыг үзүүлэн таниулж сургадаг  арга хэлбэр гарч ирсэн бөгөөд энэ нь сургалтын ганцаарчилсан  болоод хэсэг бүлгээр нь сургах хэлбэрийн аль алинд хэрэглэгдэж  байсан.
Сургалтын  энэ хэлбэр нь багшийн тайлбарлан ярих мэдээлэлд тулгуурладаг тул их мэдээллийг богино хугацаанд эзэмшдэг сайн талтай ч суралцагчид төдийлөн идэвхтэй оролцдоггүй. Ингэснээр тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж чаддаггүй байсан.
Улмаар суралцагчдын оролцоог нэмэгдүүлсэн арга хэлбэрүүд хөгжиж ирсэн. Тухайлбал, "Дальтон-план", "Бригад-лабораторийн арга"  Багаар  ажиллуулах"   гэх   мэт  сургалтын   зохион байгуулалтын хэлбэрүүд нь багш- зөвлөгчийн удирдлагаар суралцагчид өөрсдөө даалгавар гүйцэтгэж мэдлэг, чадвар олж байдаг хэлбэрүүд байсан. Гэхдээ эдгээр нь суралцагчдын бие дааж ажиллах чадвартай болоход ашигтай байсан ч системтэй мэдлэг олж авах, хяналт тавих боломж муутай, багшийн үүрэг нөлөө бага, идэвхгүй ажиллахад хүргэж байсан.
Сэтгэл судлалын ухааны бихевиорист онолд тулгуурласан "программчилсан сургалт" нь суралцагчийн сурах үйл ажиллагааг урьдчилан төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу хөтлөн жолоодох боломжийг бий болгосон. Энд мэдээллийг бага багаар хэсэглэн, хэсэг бүрийн дараа хяналт тавьж, сургалтыг алхам алхмаар  явуулдаг ба ингэхдээ шугаман болоод салаалсан хөтөлбөрийг ашигладаг. Гэхдээ энэ нь алгоритмчлагдсан шинжтэй байсан тул суралцагчдын бодит хэрэгцээ, сонирхолтой тэр бүр нийцдэггүй байсан.
Эцсийн эцэст сургалтын ундэс зорилго нь суралцагчдад их юм мэддэг болгох бус бие даан суралцаж ажиллах чадвартай болгоход чиглэдэг учраас тэднийг өөрсөддөө тулгамдсан бэрхшээл (асуудал)-ийг шийдвэрлэх арга замыг хайж олж, оновчтой шийдвэр гаргаж чаддаг болгох нь сургалтын эн тэргүүний зорилт болно. Энэ зорилтыг шийдвэрлэхэд тохирсон сургалт бол асуудал шийдвэрлэх сургалт байдаг. Иймээс орчин үеийн сургалт нь асуудал шийдвэрлэх шинжтэй болсон.
Дээр өгүүлсэнээс дугнэн үзэхэд сургалтын зохион байгуулалт нь:
А.  Ганцаарчилан сургах
Б. Хэсэг бүлгээр сургах гэсэн 2 хэлбэрийг дамжин ирсэн бөгөөд аргын хувьд:
а.   Харилцан ярилцах
б.   Цээжлэн тогтоох
в.   Үзүүлэн таниулж тайлбарлан ярих
г.    Багшийн зөвлөгөөгөөр даалгавар гүйцэтгэх
д.   Асуудал шийдвэрлэх шинжтэй болж хөгжиж ирсэн байна.
Өнөөдөр олон оронд сургалтыг анги хичээлийн хэлбэртэй зохион байгуулж байна. Энэ нь суралцагчдыг нас бие болон хөгжлийн түвшин байдлаар ангиудад хуваарилж, хичээллүүлдэг хэлбэр юм. Манайд ч энэ хэлбэр байгаа. Гэхдээ энэ хэлбэр нь сургалтыг суралцагчдын хэрэгцээ сонирхол, хөгжил, төлөвшлийн байдалтай уялдуулан уян хатан зохион байгуулахад төдийлөн зохистой биш тул илүү нээлттэй, чөлөөтэй хэлбэрийг эрж хайж туршиж байна.
Тухайлбал, холимог бүлгийн сургалтыг олон улс оронд, түүний дотор манай улсад хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь нас биө, сэтгэц, хөгжил төлөвшлийн хувьд харилцан адилгүй суралцагчдыг нэг доор өөр өөрийнх нь түвшинд тохирсон хөтөлбөрөөр хичээллүүлдэг хэлбэр юм.
Анги хичээлийн хэлбэрээр сургалтыг зохион байгуулахад тухайн ангийн бүх хүүхдэд нэг ижил мэдээллийг нийтэд нь өгч ажиллуулдаг бол холимог бүлгийн сургалтад суралцагчдыг хэсэг хэсгээр болон нэг бүрчилсэн хөтөлбөрөөр хичээллүүлэн багш тэдэнд тус бүрт нь эохицсон зөвлөгөө туслалцааг өгч ажилладаг онцлогтой. Ингэснээр сурапцагчид өөр өөрийн түвшинд тохирсон материал (мэдээлэл) дээр өөр өөрийнхөө хурдаар ажиллаж суралцах боломжтой болдог.
Энэ нь сургалтыг жинхэнэ уян хатан зохион байгуулалтай хүмүүнлэг ардчилсан шинжтэй болгож байгаа хэрэг.
Сургалтыг ийм маягаар шинэчлэн өөрчлөх шаардлага нийгмийн хөгжлийг даган сургууль, багш нарын өмнө байнга гарч байдаг.
Сургалтын үе шат
1.     Сургалтын өмнөх үйл ажиллагаа. Сургалтын зорилгоо тодорхойлох, Хүүхдийн хэрэгцээ шаардлага, сонирхолыг судлах, Сургалтын хүчин зүйлүүдыг тодорхойлох, Сургалтын хөтөлбөр боловсруулах, хичээлээ төлөвлөх зэрэг бэлтгэл ажлууд энэ үе шатанд хийгдэнэ.
2.     Сургалтын үеийн үйл ажиллагаа. Хөтөлбөрөө хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тодруулбал тавьсан зорилгоо хэрэгжүүлэх, мэдлэг чадвар дадал төлөвших, сурах арга барилд сургах үйл явцыг удирдан зохион байгуулах, үнэлэх үйл ажиллагаа явагддана.
3.     Сургалтын дараах үйл ажиллагаа. Зорилгоо хэрхэн биелүүлсэн, засаж залруулах ямар зүйл байгаа, юун дээр цаашид анхаарч ажиллахаа тодорхойлох үйл ажиллагаа юм.
Сургалтын бүтэц. Сургалт нь үйл ажиллагаа болохын хувьд тодорхой бүтэц бүрэлдэхүүнтэй байна. Бүдүүвчлэн харуулбал:

Сургалтын зорилгыг санаснаараа тодорхойлдоггүй тодорхой зүйлээс урган гарна. Хамгийн гол нь хувь хүний хэрэгцээ сонирхолыг нийгмийн хэрэгцээ сонирхолтой уялдуулан авч зорилгыг тодорхойлно. Тухайлбал өнөөдрийн нийгэмд ямар чадвартай хүн сайн сайнхан амьдрах боломжтой байгаа юм бэ? Юунд суралцуулах хэрэгтэй байна вэ? Ямар чадвар, арга барил эзэмших нь чухал байна гэдгийг тооцно гэсэн үг.
Хүүхэд бие даан ажиллах, асуудал шийдвэрлэх, хүмүүсийн дунд ажллаж амьдрах чадвартай бие хүн байхыг өнөөгийн нийгэм шаардаж байна. Иймээс сургалтын зорилгыг, сургалтын үйл ажиллагааг энэ тал руу чиглүүлэх нь зүйтэй юм. Хичээл дээр багш өөрөө заах биш хүүхдийг ажиллуулж сургах нь зорилгоо хэрэгжүүлэх алхам болох юм.



No comments:

Post a Comment