menu

Thursday, 6 October 2016

ТӨРӨӨС БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО /2014-2024 он/

2-р ангийн оюутнуудад

Даалгавар 1. Дараах асуултад хариулна уу? 
  1. Уншиж танилцана уу
  2. Гол санаа нь юу байв?  
  3. Бодлогийн ерөнхий чиглэлийг гаргаж бичнэ үү?
  4. Бодлогын хэрэгжилтийн талаар таны санаа бодол юу вэ? 


Монгол Улсын Их Хурлын 2015 оны
12 дугаар тогтоолын хавсралт

ТӨРӨӨС БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
/2014-2024 он/

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Боловсрол нь иргэн бүрийн насан туршийн амьдралын чанарыг дэмжин баталгаажуулах, улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа хэмээн үзэж, Монгол Улсын төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ.

1.2.Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын зорилго нь иргэн бүр авьяас, чадвараа хөгжүүлэн, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрахад шаардагдах мэдлэг, чадвар, чадамжийг эзэмшин, ёс суртахуун, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахиж, үндэсний нийтлэг үнэт зүйлсийг өвлөн насан туршдаа суралцах боломжоор хангах зорилго бүхий үйл ажиллагааны цогц тогтолцоо бүрдүүлэхэд оршино.

1.3.Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого нь дараах зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:

                    1.3.1.боловсролыг хөгжүүлэх бодлого, стратеги, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч, мэргэжлийн холбоо, эрдэм шинжилгээний байгууллага, судлаач, иргэний оролцоог хангах;

                        1.3.2.боловсролын талаар шийдвэр гаргах үйл явц нь нээлттэй, ил тод, судалгаа, нотолгоонд суурилсан, сайн засаглалын зарчимд нийцсэн байх;
                   
                     1.3.3.боловсролын байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг бүтэц, байршил, онцлог хэв шинжид уялдуулан уян хатан тогтоож байх;

                        1.3.4.боловсролын удирдлагын бүх түвшинд төрийн болон орон нутгийн, мэргэжлийн, олон нийтийн төлөөллийн байгууллагын бүрэн эрх, үйл ажиллагааны зааг ялгаа, уялдаа холбоог тогтоож, эрх зүйн хувьд баталгаажуулах;

                        1.3.5.боловсролын салбарын удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлж, мэдээллийн ил тод, аюулгүй байдлыг хангах, дэд бүтцийг өргөтгөх.

Хоёр.Боловсролын хөгжлийн талаар
баримтлах зарчим

          2.1.Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:

                        2.1.1.иргэн бүрд үзүүлэх боловсролын үйлчилгээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц чанартай, хүртээмжтэй байх;
                             
                        2.1.2.уламжлалт зан заншил, түүх, соёлын онцлогийг шингээсэн ерөнхий боловсролыг иргэн бүр заавал эзэмших, малчин өрхийн хүүхдийн хэрэгцээ, шаардлагыг харгалзсан бодлого явуулах;

                        2.1.3.боловсролын үйл хэргийг төрийн зүгээс нэгдсэн бодлого зохицуулалт, санхүүгийн тогтвортой эх үүсвэрээр хангаж, аж ахуйн нэгж, олон нийт, иргэдийн оролцоог дэмжин, ил тод, нээлттэй, хяналттай байлгах;

                        2.1.4.хүний эрх, эрх чөлөө, нэр төр, эрдмийн эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлс, үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлыг хүндэтгэх;

                        2.1.5.боловсролын байгууллагын үйл ажиллагаа нь ялгаварлан гадуурхалтаас ангид, иргэдийн эрх ашиг, эрүүл мэнд, ёс суртахуун, нийгмийн аюулгүй байдалд харшлахгүй байх;

                        2.1.6.боловсролын байгууллагын багш, ажилтан, суралцагчийн эрхийг хүндэтгэж, тэдний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх;

                        2.1.7.боловсролын бодлого, үйл ажиллагаа тогтвортой, тасралтгүй, нээлттэй, техник, технологийн дэвшилд суурилсан, залгамж холбоотой байх;

                        2.1.8.иргэдийн насан туршид суралцах хэрэгцээ, суралцагчийн сонирхол, авьяас, чадвар, хөгжлийн онцлогт нийцсэн, тэдэнд тэгш боломж олгосон, олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байх;

                        2.1.9.албан болон албан бус боловсролын нийт байгууллагыг бүх насны иргэдийн боловсролын хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх чадамжтай болгох;

                    2.1.10.бүх шатны боловсролын үйл ажиллагаанд иргэдийн эрх ашиг, эрүүл мэнд, ёс суртахуун, нийгмийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хүмүүнлэг бус үзэл, онол сурталчлах, аль нэг нам, эвслийн үзэл суртал тулгах, мансууруулах бодис, хүн болон байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдвэрлэл, ажил, үйлчилгээг зохион байгуулахыг хориглох.

Гурав.Боловсролын хөгжлийн стратеги,
удирдлага, зохион байгуулалт

        3.1.Боловсролын үйл хэргийг удирдахад төрийн болон нутгийн захиргааны, иргэний нийгмийн байгууллага, гэр бүл, нийгмийн бүх салбарын оролцоонд суурилсан хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

            3.2.Сургуулийн өмнөх боловсролыг “хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх” гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе хэмээн хөгжүүлнэ.

            3.3.Бага боловсролыг эх хэлний чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвших үе хэмээн хөгжүүлнэ.
            3.4.Суурь боловсролыг амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, бие даан бүтээлчээр суралцах чадамж эзэмших үе хэмээн хөгжүүлнэ.

            3.5.Бүрэн дунд боловсролыг сонголттой, уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий, ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаа олгох үе хэмээн хөгжүүлнэ.

          3.6.Дээд болон мэргэжлийн боловсрол нь хөдөлмөрийн даяарчлагдсан зах зээлд амжилттай өрсөлдөх, бие даан ажлын байр бий болгох, улс үндэстний болон орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг үндэсний онцлогт тулгуурлан шийдвэрлэх, үндэсний инновацийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах чадамж эзэмших үе хэмээн хөгжүүлнэ.

            3.7.Бүрэн дунд, мэргэжлийн, дээд боловсролын агуулга, боловсролын зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тогтолцоог бүрдүүлнэ.

            3.8.Боловсролын байгууллагад өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш шаардлага тавьж, хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ.

            3.9.Ерөнхий боловсрол нь 12 жилийн тогтолцоотой байх бөгөөд ерөнхий боловсрол эзэмших сургалтын тасралтгүй, залгамж чанарыг хангаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шатлал, бүтцийг баримтална.

            3.10.Боловсролын байгууллагын орчинд суралцагчийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн сөрөг үзэгдлээс хамгаалах нөхцөл, боломжийг бүрдүүлнэ.

            3.11.Боловсролын салбарт гарч байгаа бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагааг дэмжин, түгээн дэлгэрүүлнэ.

            3.12.Боловсролын салбарт жендэрийн тэгш байдлыг хангах бодлого боловсруулж, үе шаттай хэрэгжүүлнэ.

          3.13.Боловсролын хөгжлийн стратегийг тодорхойлох, нийтлэг зохицуулалт хийхэд зөвлөх эрх бүхий мэргэжлийн гишүүдээс бүрдсэн боловсролын зөвлөлийг байгуулж, тогтвортой ажиллуулна.

            3.14.Насан туршийн боловсролын үйлчилгээний төрөл, хэлбэр, сургалтын байгууллагыг өргөжүүлэн бэхжүүлнэ.

          3.15.Боловсролын байгууллагын хараат бус, бие даасан байдал, дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагын академик эрх чөлөөг хангана.

          3.16.Дээд боловсролын байгууллагын судалгааны үйл ажиллагааг дэмжинэ.

          3.17.Дээд болон мэргэжлийн боловсролыг хөгжлийн бодлого, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулна.

            3.18.Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаанд өөрийн үнэлгээ, дотоод мониторингийн тогтолцоог хөгжүүлнэ.
Дөрөв.Боловсролын агуулга, стандарт, сургалтын
технологи, чанарын үнэлгээ

            4.1.Иргэн бүрд насан туршдаа боловсрол эзэмших орчин, нөхцөл, боломжийг бүрдүүлэн, нас, бие, сэтгэцийн онцлог, авьяас, хүсэл, сонирхолд нийцүүлж мэргэжил, чадвараа дээшлүүлэх сургалтын төрөл, хэлбэрийг дэмжин хөгжүүлнэ.

          4.2.Боловсролын олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн орон нутаг, үндэсний онцлогт суурилсан музей, кино, хэрэглэгдэхүүн, лабораторид түшиглэн үйлийн явцад суралцах боломжийг бүрдүүлэхэд бүх талын оролцоог хангана.

          4.3.Боловсролын агуулга, стандарт, сургалтын технологи, сурах бичиг, бусад хэрэглэгдэхүүн, сургалтын байгууллагын үйлчилгээнд тавих стандарт, шаардлагыг тогтвортой мөрдөн, чанар, үр дүнг тогтмол үнэлж зохицуулалт хийнэ.

          4.4.Бүх шатны сургалтыг төрийн албан ёсны хэл, бичгээр явуулж, уламжлалт монгол бичгийн сургалт, хэрэглээг үе шаттай нэмэгдүүлнэ. Суралцагчдын дийлэнх олонх нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх байвал эх хэлээрээ бага боловсрол эзэмших нөхцөл, боломжоор хангаж, хос хэлний сургалтын бодлого, хөтөлбөр хэрэгжүүлнэ.

          4.5.Гадаад улсад амьдарч байгаа монгол хүүхдэд үндэсний боловсролын суурь чадамж эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

          4.6.Бүх шатны сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйд монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний төлөвшил, хөгжил, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг тусган хэрэгжүүлнэ.

            4.7.Гадаад хэлний сургалтыг эх хэлний суурь чадамжийг бүрэн эзэмшүүлэхтэй уялдуулан зохион байгуулах ба сургуульд заах үндсэн гадаад хэл нь англи хэл байна.

          4.8.Сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын стандарт, цөм хөтөлбөрийг төрөөс тогтоож, чанар, үр дүнг үнэлнэ.

            4.9.Суралцагч бүрийн авьяас, чадвар, сонирхлыг харгалзан ахлах ангид стандартаас давсан агуулгаар сургалт зохион байгуулахыг дэмжинэ.

          4.10.Бүх шатны боловсролын хөтөлбөрт сайн дурын үйл ажиллагааны төрөл, агуулга, хэлбэрийг тодорхойлж хэрэгжүүлнэ.

          4.11.Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийг хөгжлийн бодлого, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, шинжлэх ухаан, технологийн дэвшил, иргэдийн сурах хэрэгцээ, ажлын байранд тавих шаардлагатай уялдуулан тасралтгүй хөгжүүлнэ.

          4.12.Дээд болон мэргэжлийн боловсролын чанарын баталгаажилт, магадлан итгэмжлэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх, олон улсын сургалтын хөтөлбөр, боловсролын зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлнэ.

            4.13.Дээд болон мэргэжлийн боловсролыг олон улсын нийтлэг жишгийг баримжаалан төрөл бүрийн хэв шинжтэйгээр хөгжүүлнэ.

Тав.Хүний нөөцийн хөгжлийг дэмжих тогтолцоо
         
            5.1.Багш бэлтгэх сургалтын байгууллагын хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчныг сайжруулж, бүх талын дэмжлэг үзүүлнэ.

            5.2.Багшийн мэргэжлийн ур чадвар, нэр хүнд, ёс зүй, шаардлага, хариуцлагыг өндөржүүлэн, хөдөлмөрийг бодитой үнэлэх тогтолцоог бүрдүүлнэ.

          5.3.Боловсролын мэргэшсэн удирдах болон бусад ажилтныг хүний нөөцийн төлөвлөлт, бодлоготой уялдуулан сургаж бэлтгэх, дадлагажуулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

Зургаа.Боловсролыг тогтвортой хөгжүүлэх
эдийн засаг, санхүүжилтийн тогтолцоо

            6.1.Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалтын хэмжээг үйлчилгээний стандарт, чанар, хүрэх үр дүнтэй уялдуулан тогтооно.

            6.2.Боловсролын санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох, зориулалтын дагуу үр өгөөжтэй ашиглана.

            6.3.Багш, ажилтан, суралцагчийн хөгжлийг дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх санхүүгийн уян хатан, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлнэ.

            6.4.Сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд үндэсний үйлдвэрлэл, хөрөнгө оруулагчдыг дэмжинэ.

            6.5.Бүх шатны сургалтын байгууллагыг хүний нөөцийн хөгжил, хөрөнгө оруулалт, санхүүжилтээр дэмжсэн аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж, иргэдийн бодит дэмжлэгийг хөхиүлэн дэмжинэ.

            6.6.Боловсролын салбарын төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй уялдуулан тогтвортой нэмэгдүүлж, захиран зарцуулах эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ.

         6.7.Сургуулийн өмнөх боловсролын үндсэн зардлыг төрөөс санхүүжүүлж, хоолны зардлыг эцэг эх, асран хамгаалагч нь хуваалцах зарчмыг баримтална.

Долоо.Боловсролын салбар дахь хамтын ажиллагаа,
бодлогын хэрэгжилт, үнэлгээ, шалгуур

          А.Хамтын ажиллагаа, түншлэл:

          7.1.Иргэдийн насан туршийн боловсрол эзэмших үйл хэргийг хөгжүүлэхэд төр, дотоод, гадаадын олон нийт, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хувь нэмрийг хөхиүлэн дэмжиж, түншлэлийг өргөжүүлэн хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлнэ.

            7.2.Олон улс, бүс нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хамтарсан хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, бодлогыг уялдуулан зохицуулна.
         
          7.3.Дэлхийн болон олон улсын боловсролын төрөлжсөн байгууллагад гишүүнээр элсэх, салбар, нэгж байгуулах, конвенцид нэгдэн орохыг дэмжинэ.

          Б.Бодлогын хэрэгжилт, үнэлгээ:

          7.4.Боловсролын хууль, эрх зүйн баримт бичиг, хөгжлийн хөтөлбөр, бодлого, стратеги төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхэд энэхүү бодлогыг иш үндэс болгож, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлнэ.

            7.5.Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хоёр жил тутам Монгол Улсын Засгийн газар Улсын Их Хуралд тайлагнаж, боловсролын чанарын үр дүнд тогтмол үнэлэлт, дүгнэлт өгч байна.

          В.Бодлогын хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт:

          7.6.Монгол хүүхэд бүр үндсэн, цагийн, улирлын, ээлжийн, явуулын багшийн, нүүдлийн зэрэг хэлбэрээр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдсан байна.

            7.7.Ерөнхий боловсролын сургалтын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарттай дүйцэхүйц үндэсний хөтөлбөрийг нэвтрүүлж, олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд 2018-2019 оны хичээлийн жилд хамрагдсан байна.

            7.8.Сурлагын амжилтын олон улсын чанарын үнэлгээний судалгаанд 2021 онд хамрагдана.

            7.9.Ерөнхий боловсролын сургуульд заах арга зүй, сургалтын технологиор мэргэшсэн магистр зэрэгтэй багшийн эзлэх хувийг 70 хувьд хүргэнэ.

          7.10.Ерөнхий боловсролын сургууль нэг ээлжээр хичээллэх боломж бүрдсэн байна.

          7.11.Боловсролын удирдлага, мэдээллийн нэгдсэн системийг 2016-2017 оны хичээлийн жилээс үндэсний хэмжээнд бүрэн нэвтрүүлсэн байна.

          7.12.Тэргүүлэх чиглэлийн дээд болон мэргэжлийн боловсролын 20-оос доошгүй хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн байна.

          7.13.Монгол Улсын дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэсэн байна.

          7.14.Боловсролд мэдээллийн технологи, нээлттэй агуулга, хөтөлбөрийг  хөгжүүлсэн байна.






-------оОо-------

No comments:

Post a Comment