menu

Tuesday, 5 January 2016

Финляндын боловсролын тогтолцоог шинэчилсэн амжилтын нууц

Сайт: Vip76.mn Г.Даваадорж 

Дугаар : 23427


Товчхон
  • Финчүүд бүх шатанд (СӨБ, бага, дунд, дээд боловсрол) үнэ төлбөргүй боловсрол эзэмшдэг.
  • Финлянд улс багш болоход мэргэжлийн өндөр босго тогтоож, багшид илүү бие даасан байдал, сурагчдаа хянах эрх олгож, ажиллах нөхцөлийг нь сайжруулснаар багш нь залуу финчүүдийн хамгийн их хүсдэг ганц мэргэжил болжээ.
  • Хөтөлбөр боловсруулах үйл явцад хэдэн зуун багшийг оролцуулсан бөгөөд үүнд таван жил зарцуулжээ (1965-1970).
            Одоогоос дөч гаруй жилийн өмнө Европ тивийн хамгийн хоцрогдсон үндэстний нэг нь финчүүд байв. Тухайн үед Финлянд ой мод гэх мэт түүхий эдийн экспортоос хамаарсан хөдөө аж ахуйн орон байжээ. Харин өнөөдөр Финлянд мэдлэгийн эдийн засаг, технологиор Европт тэргүүлэгч таван улсын нэг болжээ. Мөн энэ улс сүүлийн 10 гаруй жилийн турш дэлхий дахинд өрсөлдөөний индексээр тэргүүлэгч орны эгнээнд тогтмол бичигдэж байна. Тэгвэл финчүүдийн үсрэнгүй хөгжлийн нууц юу байв?
            Финляндын хөгжлийн нэг нууц нь маргаангүй финчүүдийн боловсрол юм. 2012 онд Финлянд “Пирсон” фирмийн үнэлгээгээр дэлхийд хамгийн шилдэг боловсролтой орноор шалгарчээ. Уг орны боловсролын амжилт бусад хөгжингүй орнуудын хувьд бас нэг нууц болсон юм. Харин монголчуудын хувьд Финляндын боловсролын тогтолцоо бүр ч хачирхалтай байж магадгүй. Учир нь 20-иод жилийн өмнө монголчууд хоцрогдлын үндэс хэмээн итгээд эвдэж орхисон ЗХУ-ын үеийн боловсролын тогтолцоог тэр чигээр нь хуулсан мэт ажээ.   
            Эдүгээ Финляндад 29 их сургууль ажилладгаас 10 тусгай мэргэжлийнх нь. Үүнээс гурав нь техникийн, гурав нь эдийн засгийн, дөрөв нь урлагийн сургууль ажээ.
            Өмнө нь Финляндын боловсролын нөхцөл байдал зарим талаар өнөөгийн Монголтой нэлээд төстэй байв. Боловсрол нийгмийг бүхэлд нь хөгжүүлэх цогц тогтолцоо бус, харин хувийн сургуулиуд буюу гимназуудад голдуу түшсэн үр дүнгүй тогтолцоо байжээ. Энэ үед ахлах сургуулиудын гуравны хоёр нь хувийн эзэмшилд байсан гэдэг. Улсын хэмжээнд сургалтын хөтөлбөрийн цэгцтэй бодлого ч гэж байсангүй. Боловрсол нийгэмд бус хэдхэн мөнгөтэй хүнд үйлчилдэг байлаа. Улмаар энэ тогтолцоо фин хүн бүр боловсролтой болж, улс нь хөгжихөд саад болж байв.
            Ингээд Финлянд улс ард түмнээ боловсролын тэгш боломжоор хангах, үүнд зориулж багш боловсрол,  сургалтын хөтөлбөрөө үндсээр нь шинэчлэхэд чиглэсэн бодлогод эрс шийдвэртэй шилжин орсон юм. Энэ нь юуны өмнө замбараагүй олон хувийн дунд сургуулиудыг татан буулгаж, улсын сургуульд нэгтгэх арга хэмжээгээр эхэлсэн байна. Шинэчлэлийн эрс, цогц бодлогын үр дүнд финчүүд баян, ядуу, эсвэл нийгмийн гаралаас үл хамааран бүх нийтээрээ боловсролын бүх түвшинд тэгш боломжоор хангагдаж, нийтээрээ чанартай боловсрол эзэмшсэн ба энэ нь мэдлэгийн эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон юм.
Финляндын боловсролын тогтолцоо
            Финчүүд бүх шатанд (СӨБ, бага, дунд, дээд боловсрол) үнэ төлбөргүй боловсрол эзэмшдэг. Хэдийгээр хувийн сургууль байгуулах боломжтой ч ийм сургууль сургалтын төлбөр авах ёсгүй ба хэрэгтэй бүх зардлыг улсаас олгодог. Энэ нь хэрэг дээрээ     Финляндад хувийн сургууль байхгүй гэсэн үг. Финляндад бүх сургууль, түүний дотоор “хувийн” гэгдэх сургуулиуд улсаас тогтоосон нэгдмэл сургалтын хөтөлбөрийг баримтлах ёстой бөгөөд хөтөлбөрийг дураар өөрчилж үл болно.
            Финляндад сургуульд элсэн орох нас 7-8 бөгөөд энэ наснаас өмнө сургуульд элсэхийг зөвшөөрдөггүй. Энэ улсад бага, дунд сургууль цугтаа байх бөгөөд бага, дунд шатны сургуулийг 9 жилийн бүрэн дунд сургууль гэнэ. Сурагчид анги дэвшихдээ сургалтын агуулгыг зохих түвшинд заавал эзэмших ёстой ба шаардлагатай гэж үзвэл анги дэвшилгүй улирч, хичээлээ дахин судалдаг байна.    
Финлянд улс боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчилсэн бэ? 
            Боловсролын үндэсний зөвлөлийн Ерөнхий захирал, Боловсролын яаманд 25 жил ажилласан туршлагатай Жукка Саржала шинэ хууль хэрэгжүүлэх төлөвлөлтийг тэргүүлэн хариуцаж байсан яамны ажилтны хувьд тулгарсан сорилтыг дараах байдлаар тодорхойлжээ.
            “Миний өмнө тулгарсан сорилт бол энэ шинэчлэл Финий өнцөг булан бүрт бүрэн хэрэгжинэ гэдгийг баталсан төлөвлөгөө боловсруулах байв. Тогтолцооны шинэчлэлд хойрго олон тооны орон нутаг байлаа. Иймд хуулийн мандат чухал болсон. Энэ бол хуучин тогтолцоонд дассан багш нарын хувьд үлэмж бөгөөд түвэгтэй маш том шинэчлэл байсан юм. Тэд шилж авсан хүүхдүүдтэй сургуульд хичээл зааж дассан бөгөөд шинэ тогтолцоонд ердөө бэлэн биш байв. Зарим сургуульд настай багш нар нь тэтгэвэрт гарч, шинэчлэлийг хүлээн авах хүртэл хэдэн жилийг авсан.”
            Финляндад элит сургууль гэж байдагггүй бөгөөд сургалтын төлбөр өндөртэй хувийн сургууль байгуулах хориотой.
            Ахмад багш нарын түгшүүрийг арилгах, тусдаа сургуулийн хуучин тогтолцоог нэгдмэл болгоход тулгарсан зарим хүндрэлийг шийдвэрлэх гол арга зам нь цогц сургуульд зориулсан “Үндэсний цөм сургалтын хөтөлбөр” боловсруулах явдал байв. Хөтөлбөр боловсруулах үйл явцад хэдэн зуун багшийг оролцуулсан бөгөөд үүнд таван жил зарцуулжээ (1965-1970). Нийтлэг сургуулийн талаарх зарим шүүмжлэгчдийг айдсаас нь чөлөөлсөн нэг чухал шийдвэр нь ахлах ангид сурагчдын чадвар ба сонирхлын зарим ялгаа, ялангуяа математик, гадаад хэлний чадварын ялгааг харгалзан үзэж, тохируулах байсан юм. Сургуулиуд эдгээр хичээлээр гурван түвшний сургалт санал болгов. Энэ нь анхан, дунд, гүнзгий шатны сургалт юм. Анхан шатны сургалт нь орон нутгийн сургуульд үздэг түвшний зүйл бол гүнзгий шат нь хуучнаар дүрмийн сургуулийн түвшинд заадаг зүйл байв.
Магадгүй, сургуулийн нэгдмэл тогтолцоонд шилжих шилжилтийн хамгийн ач холбогдолтой, үр дүнтэй нэг ажил хийгдсэн нь ар гэрийн байдлаас үл хамааран бүх сурагчдад тэгш хүртээмжтэй үйлчилж чадах сургуулийн тогтолцоог бий болгож, өндөр түвшний мэдлэгтэй багшлах боловсон хүчин шаардана гэдгийг ойлгосон явдал байв.
Боловсролоос гадна өөр үйлчилгээ үзүүлдэг тогтолцоо  
            Энд онцлох хамгийн эхний зүйл нь сургуулиуд боловсролоос илүүг санал болгодог. Ийм сургуулиуд өдөр тутам сурагч бүрт халуун хоолоор үйлчилдэг байна. Тэд эрүүл мэнд болон шүдний эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Тэд зааварчилгаа, сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэцийн эрүүл мэндийн өргөн хүрээний үйлчилгээ болон тусламж хэрэгтэй сурагч, гэр бүлд зориулсан бусад үйлчилгээг санал болгоно. Эдгээр үйлчилээний аль нь ч орлогын мэдүүлэг шаардахгүй. Бүгдэд зориулсан эдгээр үйлчилгээ бүх хүүхдийн сайн сайхны төлөө хүлээсэн нийгмийн гүнзгий үүргийг илтгэнэ.
Тусгай хэрэгцээтэй хүүхдэд зориулсан дэмжлэг
            Хоёр дахь онцлог нь “тусгай багш”-ийн гүйцэтгэх үүрэг юм. Финлянд тусгай боловсрол шаардлагатай сурагчдыг энгийн сурагчидтай хамт сургах үүрэг өөрт хүлээдгээрээ бахархадаг ажээ. Финляндын хүүхдүүдийн 8 хувьд тусгай боловсрол шаардлагатай гэж үздэг бол тэдгээрийн зөвхөн тэн хагас нь тусгай сургуульд хуваарилагдаж, нөгөө хагас нь энгийн сургуульд явдаг байна. Фин сурган хүмүүжүүлэгчид хэрэв сургуулиуд эхэн үеийн оношлогоо, арга хэмжээнд анхаарвал ихэнх сурагчдад энгийн ангид амжилт гаргахад нь тусалж чадна гэдэгт итгэдэг ажээ.  
Багш, сурагчийн үүрэг хариуцлага                                                          
            Ангийн багш (1-6-р анги) ба бие даасан судлагдахуун заадаг багш (7-9-р анги) нар мэргэжлийн бие даасан байдал, эрх чөлөөг ихээр эдэлдэг байна. Финлянд улс үндэсний цөм сургалтын хөтөлбөртэй бөгөөд энэ нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд илүү товч, удирдамж маягтай болсон байна. Энэ нь юу юунаас илүүтэй онол, аргазүйн хүрээ бөгөөд боловсрол олгогч, багш нар хөтөлбөрийн хүрээнд юуг, хэрхэн заахыг өөрөө шийдэх эрх чөлөөтэй ажээ. Жишээлбэл, багш нар сурах бичиг болон сургалтын материалаа өөрсдөө сонгодог байна.  
Багшийн гойд сайн чанар                                                         
            Финий нийгэмд багш нар баяр хөөр эдэлдэг гэсэн итгэл үнэмшил нь маш чанартай сургалтын үр дүн, тусгал болж чаджээ. Жишээлбэл ангиа удирдаж, амжилттай суралцахад бараг бүх сурагчдад туслахын төлөө ажиллаж чаддаг гэсэн мэргэжлийн эрх чөлөө, үнэлэмжээрээ фин багш нар эцэг, эх болон ард түмний итгэлийг олжээ.
            Сургуулийн барилгын зураг төслийг улсын хамгийн туршлагатай архитекторууд гаргадаг бөгөөд ингэхдээ ахлах ангийн сурагчид болон тэдний эцэг, эхийн саналыг тусгадаг байна.
            Багш болон багшийн ажлын чанар нь Финляндын боловсролын амжилтын зүрх бөгөөд тийм чанар бий болгоход нөлөөлсөн хүчин зүйлсийг соёл ба бодлогын хоорондын огтлолцолоос олж харж болох ажээ.
            Багшлах ажилд мэргэжлийн өндөр босго тогтоосон нь багшийг өмнөхөөс ч илүү нэр хүндтэй ажил мэргэжил болгож, дунд сургууль төгсөгчдийн шилдэг дөрөвний нэгээс сонгож, багш бэлтгэх хөтөлбөрт элсүүлэх боломжтой болжээ. Багш бэлтгэх сургалтыг мэдэгдэхүйц уртасгаж, бэхжүүлснээр багш нар мэргэжлийн хувьд илүү бие даасан байдалтай болж, засгийн газраас хяналтын үүргийг багш нарт шилжүүлэн өгөхөд хүргэв. Багш нарын эдэлж буй бие даасан байдал, итгэлцэл нь нийгэм дэх тэдний байр суурийг дээшлүүлж, ингэснээр багш бэлдэх хөтөлбөрүүд авъяастай, тэмүүлэлтэй залуусын тогтвортой урсгалыг өөрт татах явдлыг баталжээ.
Финляндаас бидний авах сургамж
Боловсрол ба хүүхдийн төлөө үүрэг хариуцлага                                                          
            Боловсрол ба хүүхдийн сайн сайхны төлөө үүрэг хариуцлага хүлээх нь Финляндын соёлд гүнзгий үндэстэй бөгөөд тус улсад суурь боловсролын цогц сургуулийн төлөөх хөдөлгөөн өрнөх хөрс суурь болжээ. Финляндын шинэчлэлийн түүхэнд анхаарал татсан нэг зүйл нь хүүхдүүд нийтлэг цогц сургуулийн тогтолцоонд хамтдаа боловсрол эзэмших ёстой гэсэн улс төрийн зөвшилцөл нь засгийн газар удаа дараа солигдсон 50 жилийн туршид ч хэвээр хадгалагдсан явдал юм.
Багш, захиралын чанар
            Олон оронд чанартай багшлах боловсон хүчин бэлдэж, ажлын байранд нь тогтоохын ач холбогдлыг ярьдаг боловч амьдрал дээр биеллээ олдоггүй билээ. Харин Финлянд зэрэг цөөн улс энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байна. Финлянд улс багш болоход мэргэжлийн өндөр босго тогтоож, багшид илүү бие даасан байдал, сурагчдаа хянах эрх олгож,  ажиллах нөхцөлийг нь сайжруулснаар багш нь залуу финчүүдийн хамгийн их хүсдэг ганц мэргэжил болжээ. Үүний үр дүнд багш нь Финляндад маш их өрсөлдөөнийг дамжин эзэмшдэг ажил мэргэжил болж, өндөр ур чадвартай багш нар улс орны өнцөг булан бүрт ажиллах болов. Багшлах боловсон хүчний чанар нь Финий сургуулиудын өндөр түвшний жигд сурлагын амжилтын гол хүчин зүйл байх магадлалтай юм. 
Хариуцлага
            Финляндад хариуцлага чухал гэдэг нь тодорхой юм. Гэвч энэ нь бараг бүхэлдээ мэргэжлийн хариуцлагын загвар ажээ. Хариуцлагын хамгийн хүчтэй илрэл Финий сургуулиуд сурах бэрхшээлтэй сурагчдын төлөө хамтын хариуцлага хүлээх хэр зэрэг зохион байгуулалттай вэ гэдгээс нь харагддаг. Фин багш нарыг бэрхшээлтэй хүүхдүүдийг таниж, тэдгээр хүүхдүүд няцах, ангийн сурагчдаасаа сурлагаар хоцрохоос сэргийлэн арга хэмжээ авахад сургадаг байна. Сургууль бүр тусгайлан сургасан мэргэжилтэн буюу тусгай багштай байдаг нь сурагчийг дэмжихэд энгийн ангийн багшид илүү хялбар, бэрхшээлтэй тулгарсан сурагчийг анзааралгүй орхих явдал хамаагүй бага гэсэн үг юм. Финляндын сургуулиуд хэмжээгээр жижиг байдаг нь сурагч асрах бүлэг өөрт буй нөөц бололцоог шуурхай зохион байгуулдагтай адил энд чухал хүчин зүйл юм.  
Заах арга зүйн практик
            Гучин жилийн өмнө багш бэлтгэх сургалтыг их сургуульд шилжүүлэх, сургалтын шаардлагыг дээшлүүлж, хугацааг нь уртасгах шийдвэр гаргасан нь суурь боловсролын цогц сургуульд чадвар, арга барилын хувьд янз бүр суралцагчдын хэрэгцээг хангахад оршиж байв. Дээр өгүүлсэнчлэн энэхүү сорилтын нэг хэсэг нь сурах бэрхшээлийг оношилж, цаг алдалгүй арга хэмжээ авахад багш нарыг сургах байв. Гэхдээ, ялангуяа 1989 онд сурагчдыг чадвараар нь ялгах тогтолцоог бүрэн халсны дараа гарч ирсэн илүү том сорилт нь чадвар, арга барилын хувьд янз бүр нэг ангид заалтаа хангалттай хэмжээнд хувилбаржуулахад багш нарт туслах байсан юм. Финий багш боловсролын хөтөлбөрүүд нь багшийн дээрх чадваруудыг хөгжүүлэх, ялангуяа их сургуулийн загвар сургуульд мастер багшийн удирдлага дор өргөтгөсөн дадлагаар дамжуулан хөгжүүлэхэд анхаарлаа чиглүүлдэг байна.


No comments:

Post a Comment