menu

Wednesday, 18 November 2015

Дээд боловсролын технологи

Оюутны унших үйл ажиллагааны онцлог. 
            Дээд боловсролын сургалтын гол онцлог нь суралцагчдын мэргэжлийн боловсрол зэмших үйл явцыг дэмжихэд чиглэдэг. Бүр тодруулбал тэдэнд тодорхой чиглэлийн ажил үйлчилгээний чиглэлээр мэдээллийг хүлээн авч ойлгож, хэрэглэж, өөрийгөө хөгжүүлэн нийгмийн харилцаанд оролцож амьдарч ажиллах чадвартай болохын суурийг тавих нөхцлийг бүрдүүлж өгөхөд асуудлын гол орших ёстой гэсэн үг.
            Оюутан мэргэжлийн мэдлэг, чадвартай мэргэжилтэн-бие хүн болон төлөвшихөд  өөрийнх нь хичээл зүтгэл, мэргэжлийн сонирхол, зорилго, бие даан ажиллах чадвар, хандлага цаашилбал унших арга барилын төлөвшил чухал нөлөөтэй.
            Оюутны унших чадвар нь уншлагын ерөнхий чадвар   мэргэжлийн уншлагын чадвар зэргээс бүрддэг нийлмэл шинжтэй бөгөөд түүний хөгжилд их дээд сургуулийн сургалт, мэргэжлийн хичээлүүдийн хөтөлбөрүүд  зохих нөлөө үзүүлдэг. 
            Мэргэжлийн суурь болон мэргэшлийн хичээлийг судлахад мэргэжлийн уншлага нь эргэцүүлэх, анализ хийх, нэгтгэн дүгнэх арга барилд тулгуурлах ба оюутан шинжлэх ухааны эхийг уншиж ойлгох ерөнхий болоод тусгай чадвар эзэмшсэн байх шаардлагатай. Эдгээрийг тодруулан авч үзвэл:
Ерөнхий чадварт
         Эхийн гол санааг олох, ойлгомжтой илэрхийлэх
         Мэдээлэлд анализ хийх
         Эргэцүүлэх
         Үнэлгээ өгөх
         Дүгнэлт гаргах
Тусгай чадварт
         Унших үйлээ төлөвлөх зохион байгуулах - метакогнитив чадвар
         Үг хэллэг нэр томьёог тайлбарлах
         Асуулттай ажиллах
         Хүснэгт бүдүүвч зохиох
         Төлөвлөгөө гаргах
         Дүгнэлт гаргах
         Эш авах
         Кейс дээр ажиллах чадварууд багтана.
            Уншигчийн тусгай чадварт буй унших үйл ажиллагаагаа төлөвлөж, зохион байгуулах, хянах, үнэлэх чадварыг метакогнитив чадвар гэж үзэх ба үүний тухай  доктор Ц.Бурмаа “Метакогнитив барил сурах үйлээ төлөвлөх, эргэцүүлэх бодох, ойлгосон буюу илэрхийлж буй санаа бодлоо хянах мөн сурах үйлээ үнэлэх зэрэгт ашиглагддаг арга барилууд”[1] хэмээн тодорхойлжээ. Мөн метакогнитив чадварыг J.Flavel (1987) “Танин мэдэхүйн мэдлэг, танин мэдэхүйгээ удидах зохицуулах үйл хийх арга барилын (стратегийн) талаарх хувь хүний мэдлэг[2] гэж хэмээн авч үзжээ. Тэгвэл метакогнитив стратеги нь (Meta cognitive strategies)  нь хувь хүний танин мэдэхүйн арга техник юм. Уншихуйн метакогнитив арга барилыг бид унших үйл ажиллагаагаа зохион байгуулах арга барил, мэдээлэл боловсруулахад хэрэгжүүлэх арга барил, шинэ мэдлэг бүтээх үеийн арга барил  хэмээн авч үзэв.
Бүдүүвч 2. Уншихуйн метакогнитив чадвар
            Оюутны унших мэргэжлийн эх, материалын хувьд гэвэл ЕБС-д уншиж байснаас багтаамжийн хувьд өргөн, агуулгад нь арга зүй, эрдэм шинжилгээний хэв шинжтэй мэдээллүүд зонхилох бөгөөд бичигдсэн байдал нь хэт хялбаршуулсан биш байдгаараа онцлогтой. Иймээс шинжлэх ухааны эхийн хэл найруулга нь мэргэжлийн шинж чанартай, шинжлэх ухааны хэл, сэтгэлгээгээрээ бусад төрөлтэй  харьцуулбал уншлагын харьцангуй өвөрмөц, тусгай чадвар арга барилаар ажиллахыг шаардана.
Шинжлэх ухааны эхийн бусад төрлийн эхээс ялгандах тал нь: 
-       Хийсвэр ойлголтууд, ухагдахуунууд зонхилдог
-       Шинжлэх ухааны нэр томьёо  өвөрмөц үг хэллэгийг хэрэглэдэг
-       Хэлний уран дүрслэл, яруу хэрэглүүр багатай
-       Шинжлэх ухааны болон танин мэдэхүй, эрдэм шинжилгээ судалгааны шинжтэй баримт мэдээлэл агуулдаг
-       Шинжлэх ухааны бүтээл нь шинжлэх ухааны баримтууд байдаг учраас тухайн шинжлэх ухааны суурь төсөөлөл мэдлэгтэй байхыг шаарддаг
-       Индуктив, дедуктив оюун дүгнэлтүүд орсон байна.
Үүнтэй уялдаатай оюутны унших зорилго уншаад зөвхөн ойлгох биш, шинжлэх ухааны арга барил, хэл сэтгэлгээнд суралцахад тодруулбал тухайн шинжлэх ухааны асуудлыг ойлгож түүнд үнэлгээ дүгнэлт хийх, мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд ашиглах төсөөлөл ойлголттой болоход чиглэгдэнэ. Иймээс унших үйл ажиллагаагаа илүү бүтээлчээр зохион байгуулах чадварыг шаардана. Тухайлбал:
      Уншсан зүйлийн талаар надад ямар ойлголт байна вэ?
      Юуны тухай өгүүлж байна вэ?
      Миний уншиж буй зүйлийн гол санаа юу байна вэ?
      Юу гэж тайлбарласан байна вэ?
      Аль талаас нь авч үзсэн байна вэ?
      Аль нь чухал зүйл  вэ?
      Ямар дүгнэлт гаргаж болох вэ?
      Яаж ашиглах боломжтой вэ? гэсэн асуултууд тавьж хариулт өгөхийг шаардана.      
Оюутнуудад  дараах чадваруудтай болсон байх шаардлага тавигдана.Үүнд:
1.    Үг, хэллэгийн утга учрыг ойлгосон байх
2.    Өөрийн санааг шинжлэх ухааны үг хэллэгээр илэрхийлэх
3.    Мэргэжлийн эхийг задалж анализ хийж чаддаг байх
4.    Уншсан эхийн гол санааг илэрхийлсэн үг, өгүүлбэрийг  бичиж тэмдэглэдэг байх 
5.    Агуулгатай холбоотой асуулт дээр ажиллаж чаддаг байх (асуултад хариулах, асуулт гаргах)
6.    Уншсан зүйлээ өөрийн санаагаар тайлбарлах, бүдүүвч хүснэгтэд оруулах зэргээр ажиллах
7.    Санаагаа зөв илэрхийлж бичиж чаддаг байх
8.    Сэдвийн дагуу бусад эх сурвалжаас мэдээлэл олж унших, ойлголтоо өргөжүүлэх
9.    Уншсан эх сурвалж материалыг бичиж тэмдэглэдэг байх зэрэг болно.  
      Оюутны бүтээх мэдлэг нь тухайн шинжлэх ухааны тусгай нэр томьёоны утга учрыг тайлах, шинжлэх ухааны загварчлалын тогтолцоо, сэтгэлгээний зүй тогтол зарчмыг ойлгож мэргэжлийн үг хэллэгээр илэрхийлэх, практик үйл ажиллагаанд хэрэгжүүлэх төсөөлөл, өөрийн итгэл үнэмшил байна.
      Багш боловсролын хувьд боловсрол судлалын үндсэн ухагдахуун болох “боловсрол” “хөгжил” “төлөвшил” зэрэг ухагдахууныг  орчин үеийн шинжлэх ухааны үзэл баримтлал, хандлагын үүднээс ойлгохоос эхлэн, хүүхдийн өсөж, хөгжих боловсорч төлөвших зүй тогтлыг танин мэдэж түүнийхээ дагуу суралцагчдын сурч танин мэдэх үйлийг хөтөлж, жолоодох талаар болон өөрийгөө боловсруулах хөгжүүлэхийн арга ухааны талаар өөрийн төсөөлөл, итгэл үнэмшилтэй болох юм.




[1] Ц.Бурмаа Гадаад хэл сурах арга барил эзэмшүүлэхэд метакогнитив, когнитив барилуудыг чухалчлан үзэх нь “Лавай”Боловсролын арга зүйн ЭШ-ний бичиг 2011. №4.104-р тал
[2] Flavell, J. H. (1987) Speculation about the nature and development of metacognition. In F. Weinert & R. Kluwe (Eds.), Metacognition, motivation, and understanding (pp.21 - 29). Hillsdale, NJ: Lawrence Erlbaum. 

No comments:

Post a Comment