menu

Monday, 9 December 2013

Уулзалт

"Амьдрах ухаан" клубын ажлын хүрээнд 2013.12.16 нд Монгол Улсын Гавьяат багш Ц.Түвшинтөгстэй уулзана.  Түүний нийтлэлээс та бүхэндээ хүргэе.

Эцэг хүн өрх гэрийн ч, улсынхаа ч багш нь байх учиртай

Эрдэнэт хүн мэндлэхэд хорвоо үйлийн үрийн савыг нь хувь заяаны үүргэвч болгон тээлгэсэн бол эцэг эх нь тосон авч улсын иргэн, нийгмийн гишүүн, өрх гэрийн эзэн болгох үүрэг хүлээдэг. Зарим асуудлыг хөндье!
Монголчууд дэлхийн хамгийн сүүлчийн “Залуу суурьшмал үндэстэн”.  Олон зууны түүхтэй, суурин амьдралын туршлага сургамжаас тасралтгүй суралцаж, амьдралын шинэ мөрдлөг үүсгэх шаардлагатай боллоо. Юуны түрүүнд эцэг хүний өрх гэрт гүйцэтгэх үүрэг шинэчлэгдэж, аав-хүү хоёрын шинэ харилцааг бүтээцгээе! Норвегичүүд “Аав болсон хүн хүүхдэдээ зориулах цаг зав, сэтгэл зүтгэлээ 10 дахин нэмэгдүүлж чадвал, сая нэг эхийн хүүхдэдээ үзүүлэх жирийн нөлөөтэй тэнцэх нэр хүндийг чүү чамай олж авдаг” тухай өгүүлдэг юм билээ.
Орчин үеийн хүүхдэд тавих эцгийн хайр халамж, хүч анхаарал урьдынхтай зүйрлэхийн аргагүй өөр болов. Ялангуяа цэцэрлэг, бага, дунд сургуулийн багш нарын ихэнх нь эмэгтэйчүүд болсон өнөө цагт танай хүүхдэд эр хүний тусалцаа нэн их хэрэгтэй байна. Нүүдэлчин иргэншлийн Монголд эцэг хүн холоос хүүхдэд сүр бараагаа хааяа харуулж, эгзэгтэй үед харцаар сүрдүүлж, цөөн үг чулуудах төдий харьцдаг байсан нь орчин үед тохирохоо нэгэнт болив. Тэр үед эцэг хүн аян жин, ан гөрөө, адуу малын эрэл, алс нутгийн арилжаа наймаа (дээхэн үедээ дайн байлдаан) эрхэлж хүүхэдтэйгээ ойр байх боломж хомс байж.
Нүүдэлчин ахуйд “Их гэр”, “Хот айл” нь хүүхдэд “амьд сургууль” болж эцэг эх, өвөө эмээ, авга нагацаас гадна нутаг усныхан хүчтэй нөлөөлж, дээр нь мал аж ахуй, амьд байгаль, цаг агаар зэрэг хүчтэй “цочроогч” олон байв. Шинэ хүнийг монгол ахуйд тосч, дан монгол хоол унданд дасгаж, монголын цаг агаарт хөрвүүлж, монгол хэл сургаж, монголын өв соёл, ёс заншилтай танилцуулж, ямар ч зовлон бэрхшээлгүйгээр шинэ хүн аяндаа төлөвшчихдөг байв. Орчин үеийн монгол ахуй асар их “эрлийз” болж, монгол хүн төлөвших явц нь бэрхшээлтэй боллоо. Давхар ухаан, нарийн уран арга, зөв бурууг зааглах хурц мэдрэмж, эрээн барааныг таних даамгай дархлаа, өнгөрсөн үеэс суралцах өвөрмөц хариуцлагаа эс зориулбал хүүхэд залуучуудад хүндрэл тулгарлаа. Хүүхдэд эцэг хүний дэмжлэг туслалцаа хэрэгтэй боллоо.
Хүүхдэд эцэг эх хоёрын нөлөөлөхүй нь эрх тэгш, эн чацуу байвал арга билгийн жигд шүтэлцээ амьдралд үйлчилж, тэр хэмжээгээр үр дүн нь бат бэх үлдэнэ. Ээжийн хувьд ургийг тээх үеэс эхлэн хүүхдийн төрмөл шинжийг үүсгэн, улмаар мэндэлсэн цагаас нь таримал шинжийг өдөр тутмын, цаг бүрийн харилцаагаар суулгаж байвал эх үрийн зөн билгийн их увдисаар нэн ойрхон байж дотносдог. Үүний үр дүнд монгол ардын дууны сан хөмрөгт эхийн ачлал хайрын дуу хэдэн зуугаараа орон зайгаа эзэлжээ. Аавын ачлал хайрын дуу цөөн байдгийн учир энд л оршдог болов уу. Ардын дууны өв санд эзгүйрсэн аавын дүрийг орчин үеийн урлагийн бүтээлээр нөхөх аргыг эрье.
Миний бие “Улаанбаатар” дээд сургуулийн Гэр бүл судлаачийн ангид хичээл зааж байхдаа оюутнуудаар нэгэн сонжоо хийлгэв “Балчир насанд чинь хамгийн анхны содон дурсамжийг аав ээж хоёрын хэн нь үлдээснийг нэхэн сана” гэсэн асуултад олонх нь “Аавынх” гэж хариулав. Эхийн “элбэг” - байнгын харилцаанаас аль нэгэн сонин содон дурсамж ялгаран үлдэх нь цөөн, харин эцгийн нэг удаагийнх мартахын аргагүй тод ул мөр үлдээдэг болохыг оношлов.
Номын мэргэд “Нэг аав зуун багшаас илүүтэйгээр хүүхдэд илүү нөлөөтэй”-г цохон тэмдэглэсэн нь хэтрүүлсэн зүйрлэл биш бололтой. Орчин үеийн “Монгол аав” нь хуучин цагийн “Нүүдэлчин аав” байхаа больж, орчин үеийн “Суурьшмал аав” болж, үр хүүхдийнхаа дэргэд байнга аж төрж, аавын үг хэллэг, үйл хэрэг, үлгэр дууриал, үүсгэл санаачилга, үзэл санаа, үнэн төрх нь “өдөр тутмын хичээл” болсоор байна.
Орчин үеийн эр хүн орон гэртээ байх цагийг аль болохоор уртасгаж, гэргий хүүхдийнхээ хамт шинэ газарт аялж, бүтээл туурвиж, гадаад хэл сурч, үзвэр үзэж, “гэрийн хичээл” хийх нь хүүхдээ хүмүүжүүлэх нэг гол арга болчихлоо. Нэгэнт ээжүүд нь “Улс нийгмийн ажилтан, алба эрхлэгчид” болчихсон учир тэдний гэртээ эрхэлдгийг аавууд нь энэ чацуу хариуцахаас өөр аргагүй. Өглөө эрт босдог гэр орноо цэвэрлэдэг, хоол ундаа хийдэг, эцэг эхийн хуралд суудаг, цэцэрлэг сургуульд хүүхдээ хүргэж өгдөг, дэлгүүр хоршоогоор ордог эр хүнийг сайшаахаас өөр аргагүй.
Өнөөдөр эцэг хүн эрчүүдийн, эмэгтэйчүүдийн ямар ч ажлыг хийж чаддаг, үр хүүхдэдээ зааж өгдөг байвал гэрийн хүмүүжилд зөв байр эзэлнэ. Хэрвээ өрх гэрийн дотор эр хүнийг архи, тамхи, хэрүүл, бүдүүлэг явдал, залхуурал, аль заваан бүхэнтэй хутгавал түүний нэр хүнд сэхэхгүй унаж, жинхэнэ эцэг байх итгэл үнэмшил арилна. Тэр хэмжээгээр дараа үеийн шинэ эр хүн, иргэн хүн өрх гэрийн дотор бойжино.
“Хүүхэд” хэмээх шинэ хүн өөрийгөө авч явах,  удирдахад сурахын хажуугаар өрөөлд удирдуулж, тахимдуу ёсыг дагаж аж төрөх учиртай.
Энэ нь орчноо мэдэрч, бусдыг ойлгож, “харилцаагаар хичээллэж”, өөрийгөө бусдад зөвөөр ойлгуулахад суралцана. Өнөөгийн монголчууд биеэ өмөөрөх, хар амиа бодох, бусдад буруу тохохыг гэрийн дотор нялх насандаа анхлан сурдаг болов. Нэг явган шог бий. Хөлд орж байгаа бяцхан хүү бүдэрч унажээ.
Герман хүн “Чи өөрөө уналаа. өөрөө унасан хөн өөрөө босох ёстой. Бос! Чамайг харж байя” гэжээ.
Орос хүн харин “Доод газраа сайн харж яв. Нүх байвал унаж үхэх нь. Болгоомж хэрэгтэй” гэж хүүхдэд зөвлөжээ. 
Гэтэл Монгол хүн “Миний хүүг хэн унагав. Энэ муу газар л буруутай” гээд өмөөрөн газрыг дэвсэж “шийтгэжээ”. 
Үүнийг харснаас хойш тэр хүүхэд насан туршид өөрийн бурууг бусдаас хайдаг хүн болж төлөвшжээ.
Хөвгүүд өөрийгөө, охид ирээдүйн ханиа ааваасаа таньж мэднэ. Охид аавдаа дотно байхыг хичээдэг нь эсрэг хүйсийнхээ давуу, сул талыг мэдэх гэсэн “заль” юм. Эр хүний мөн чанарыг ойлгосон охид сая л ханиа зөв сонгох баримжаатай болно.
Орчин үеийн аавууд аливаа үйлийг гардан гүйцэтгэгч, “практик ажилтан” болохоос өөр аргагөй. Хүүхдээ нялх балчир байхад хамт тоглодог, ухаан суухын хэрээр нь ажил үйлээ хоршигч, бүтээлээ хамтран туурвигч болвол хамгийн дотно аав болно. Өнөөгийн бүх аав биеийн тамираар хичээллэгч (хүүхдийн хөдөлгөөний хэрэгцээг дагуулан хангагч), хол ойрын замд аялагч (морьтой, дугуйтай, явган г.м), өрхийн үйлдвэр эрхлэгч (мал амьтан тэжээх, газар тариалан эрхлэх, техник хэрэгсэлтэй харьцах г.м), гэр ахуйн ойр зуурын үйлчилгээ үйлдэгч (сантехник, цахилгаан, дархан, мужаан, барилгын засвар г.м) байж, үүндээ хүүхдийг дагалдуулан сургах, өөрөө ч чадваржих, заах арга сургалтын эв дүй эзэмших зэргээр хүүхэдтэйгээ ажиллах уран аргын эрэлчин, шинийг сэдэн санаачлагч, туршин бүтээгч болно. Хүүхэдтэйгээ ойр дотно эцэг хүний өр зөөлөн, суралцах ба сургах арга нь эвлэг болдог ажээ. “Тунгалаг Тамир” киноны Цахиур Төмөр хүөгээ хараад тэнэмэл амьдралаас ихэд хөндийрдгийг бид сайн мэддэг билээ.
Ямар ч эцэг хүн үндсэн мэргэжил, сонирхдог зүйлээ өөрийн үр хүүхдэд өвлүүлэх чин хүсэл дүүрэн байдаг. Доктор, профессор Х.Гүржав, С.Дулам, хөгжмийн зохиолч Ж.Чулуун, зохиолч Д.Төрбат, академич Ж.Болдбаатар, уяач Д.Данзанням, инженер Г.Шарав, малын эмч Х.Аюурзана, дипломатич Б.Жаргалсайхан зэрэг олон хүн үр хүүхдэдээ үндсэн мэргэжлээ өвлүүлж, наад зах нь ажлын багаж хэрэгсэл, хувийн номын сангаа эзэнтэй болгожээ.
Хүчирхийлэлгүй эцэг бол энэ үеийн үндсэн төрх юм. “алга амтлуулах”, “дуулгавар шаардах”, “өөчлөн голох”, “зандран дээрэлхэх”, “албадан шахах”, “үглэн янших”, “ёс суртахуундан томрох”, “хөндийдөж аргалах” хуучирсан аргыг “Оюун ухааны музей”-д тавьж, хүүхдийн эрхийг сахил санваар мэт мөрдөхөөс өөр аргагүй болов. Хүүхдэд үзүүлэх бие махбод, сэтгэл санааны бүх дарамт, үеэ өнгөрөөв. Хэрэв өнөөгийн хүүхэдтэйгээ хүйтэн хөндий хандвал түүгээр дамжуулан дараа дараагийн үр удамдаа арилшгүй толбо үлдээнэ. Эс, ген удамших төдийгүй, энерги мэдээллэл үеэс үед, алсаас алсад дамждаг нь баталгаа шаардагдахгүй үнэн ажээ. Эр хүн бүхэн нэгэн вант улсын ерөнхийлөгчийн мандаттай төрийн итгэмжилсэн төлөөлөгчийн хувьд өнгөрсөн түүх, энэ цагийг ирээдүйтэй нь бат холбож, орон зай цаг хугацааг эзэгнэгч болж, сэргэлэн оюун, давхар ухаан, зориг тэвчээр, хүч чадал хүсэл тэмүү¬лэл, авхаалж самбаа, ноён нуруу, хүнлэг сэтгэл, торгон мэдрэмж тэр¬гүүт¬нээр тэгш дүүрэн байвал сая өрх гэрийн аз жаргал, үр хүүхдийнхээ хувь заяаны хөтөч болж чадна. Тийм байх бүрэн эрх, өндөр дээд хариуц¬лагыг эр хүн бүхэнд хүмүүн заяа нь олгосон. Тэр бүхэн өрх гэрт, эх хүнд, үр хүүхдэд хурц тод, тусгалтай бол-чих¬лоо. Хэрхэн гүйцэлдүүлэхээ эзэн нь мэдтүгэй! Хальтрах хажуул¬дах зам байхгүй! Эцэг хүн бол өрх гэр дэх хүүхдийнхээ төдийгүй үндэснийхээ эрх ашгийг даасан Улсын багш мөн.

Ц.Түвшинтөгс (Монгол Улсын гавьяат багш)


1 comment:

  1. Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгстэй багш, оюутануудын уулзалт маш сайхан боллоо. Уузалтанд оролцсон багш, оюутан нарт баярлалаа. Уулзалтыг зохион байгуулсан БСАЗ тэнхимийн эрхлэгч багш нарт талархал илэрхийлье.

    ReplyDelete